• 70275971
  • lunzdtg@gmail.com
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2021 оны 3 дахь Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол:

• Монгол Улсын иргэн байх;

• дээд боловсролтой байх;

• Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

• Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;

• Цэргийн алба хаасан байх;

• Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;

• Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;

• Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;

• Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

• Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)

• Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;

• Иргэний үнэмлэх;

• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

• Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;

• Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.

Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Бүрдүүлсэн баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цагаас 2021 оны 10 дугаар сарын 22-ны 09.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь

Шалгалт өгөх хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Шалгалт өгөх хуваарийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэн “Иргэний үнэмлэх”-ээ биедээ авч ирэхийг анхаарна уу.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Холбоо барих утас: 51-266887, 51-264493, 51-265544

2021-10-02 00:00:00