Намрын сүүл сарын шинийн зургааны билэгт сайн өдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ барилгын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдаж, урлаг, соёлын ариун өргөө өндөр үүдээ нээлээ. Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай “Монгол туургатан” театрын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Төв нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ний хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд болон иргэд оролцлоо.

“Монгол туургатан” театрын түүхийн хуудсыг сөхвөл: Тэртээ 1943 онд 50 орчим хүний суудал бүхий модон байшинд 12 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхны клуб байгуулагдан улмаар 1952 оны 11 дүгээр сард Октябрын хувьсгалын 35 жилийн ойгоор 350 хүний суудалтай Соёлын ордны барилга ашиглалтад орж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. 30 жилийн турш “Соёлын ордон” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Хөгжимт драмын театр” болон өргөжин хөгжсөн түүхтэй. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Хөгжимт драмын театр”-ын нэрийг нь удаа дараалан өөрчилж, хүний нөөц, бүтэц зохион байгуулалтад “халдаж”, мэргэжлийн урлагийн байгууллагын хэв шинж алдагдаж байсан цаг үед БСШУЯ-ны зөвшөөрөл, аймгийн Засаг даргын захирамжаар 2007 онд “Монгол туургатан” театрыг шинэчлэн байгуулсан бөгөөд Засгийн газрын 2009 оны 254 дүгээр тогтоолоор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит театр болгосон түүхтэй. УИХ-ын дарга М.Энхболд театрын уламжлалыг хадгалахын тулд 2014 онд театрын шинэ барилгын хөрөнгийг улсын төсөвт суулгуулсан бөгөөд тус ажлын үр дүн өнөөдөр бодитоор сүндэрлэж, Төв аймагчууд шинэхэн театраа хүлээн авч байна.
“Монгол туургатан” театрын алтан тайзнаас Зууны манлай хос дуучин, Зууны манлай поп дуучин, Зууны манлай дуурийн дуучин, Хөдөлмөрийн баатрууд, Ардын жүжигчид, төрийн шагналтан, гавьяат жүжигчид олноороо төрөн гарсан байдаг. Одоогийн байдлаар “Монгол туургатан” театрт 70 гаруй уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлийн бодлого чиглэлээ тодорхойлж, эх орны олон үндэстэн ястны урлагийн өв сан, үндэсний болон дэлхийн сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүдээс сонгон шилдэг бүтээлээ туурвиж үзэгч олондоо хүргэсээр байна.
Нээлтийн үеэр соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 3, БСШУСЯамны “Хүндэт жуух бичиг”-ээр 2, Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Хүндэт жуух”-аар 1, Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Хүндэт жуух”-аар 2 хүн тус тус шагнагдсан юм.