Хонь, ямааны “цэцэг” өвчний сэрэмжлүүлэг

Хонь, ямаа, төл малд өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд гүвдрүүт цэврүү үүсэж, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг малын гоц халдварт өвчин. Хонь, ямааны цэцэг өвчний үүсгэгч нь гадаад орчинд нилээд тэсвэртэй, харанхуй байранд 2 жил, хонины хашаа хороонд 6 сар, арьсны хогжруу, ноос үсэнд 2 сар, +34 хэмд 2 сар, +20 хэмд 6 сар хүртэл хадаглагддаг. Хөлдөөх хатаахад бэхждэг удаанаар хадаглагдана.

Хонины цэцэг өвчний нууц үе нь 21 хоног хүртэл, эхлээд +41-42 хэм хүртэл өндөр халуурна. Нүдний зовхи нь хавагнаж, хамар нүднээс салсархаг, заримдаа идээтэй шингэн гоожих,

зүрхний цохилтын тоо олширч, амьсгаадах байдал үзүүлж, хамар нүдний эргэн тойрон, суга, цавь, дэлэн, хэвлийн арьсан дээр улаан толбо гарч 1-2 хоног болно.
Дараа нь булдруу болж 1-3 хоног байна. Цаашдаа булдруу нь цэврүү болж булингар маягийн шингэнээр дүүрч, 5-6 хоногийн дараа идээтэй болж хагаран бор өнгийн хогжруу болон эдгэрч ховхордог боловч гүнзгий гэмтсэн тохиолдолд сорви болон үлдэнэ.
Хурга хүндээр өвчилдөг ба сул дорой биетэй хонинд уушигны, гэдэс ходоодны болон үе мөчний үрэвслээр хүндрэх явдал үзэгдэнэ. Энэ үед үжил болж үхэх явдал үзэгдэнэ.
Хөнгөн явцтай цэцгийн үед үхэл 2-3% байхад хар цэцгийн үед үхэл 100%-д хүрнэ.
Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэтмгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.
Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг хэрэгжүүлдэг.